МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр › Улс Төр › Авлигачдын хөрөнгийг ард түмэнд эргүүлэн...

Авлигачдын хөрөнгийг ард түмэнд эргүүлэн өгөх Н.Учралын шийдэл

Монголын нийгэмд шударга ёсыг тогтоох, авлигатай тэмцэх тухай олон жил ярьсан ч бодит үр дүн төдийлөн гарсангүй. Авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнууд хөнгөн ял шийтгэл хүлээж, хууль бусаар олсон хөрөнгөө авч үлдэх боломжтой байгаа нь олон нийтийн бухимдлыг төрүүлж, төрд итгэх иргэдийн итгэлийг сулруулсаар ирсэн билээ. Харин Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар үүнийг өөрчлөх эрх зүйн томоохон шинэчлэлийг эхлүүлж байна.

Үнэн
Админ

Монголын нийгэмд шударга ёсыг тогтоох, авлигатай тэмцэх тухай олон жил ярьсан ч бодит үр дүн төдийлөн гарсангүй. Авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнууд хөнгөн ял шийтгэл хүлээж, хууль бусаар олсон хөрөнгөө авч үлдэх боломжтой байгаа нь олон нийтийн бухимдлыг төрүүлж, төрд итгэх иргэдийн итгэлийг сулруулсаар ирсэн билээ. Харин Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар үүнийг өөрчлөх эрх зүйн томоохон шинэчлэлийг эхлүүлж байна.
Засгийн газрын 2026 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн ээлжит хуралдаанаар Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.


Уг хууль батлагдсанаар:
- Авлигын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг заавал хураана.
- Хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч хууль бус хөрөнгийг хураах асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ.
- Авлигын хэргийг шийдвэрлэх дагнасан, мэргэшсэн шүүх байгуулна.
- Хууль бус хөрөнгийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлэх төв байгуулна.
- Хураан авсан хөрөнгийн сан байгуулж, сангийн хөрөнгийн 65 хувийг эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулна.
- Татварын тайлагнал, буцаан олголтын тогтолцоог боловсронгуй болгоно.
- Үндэслэлгүй хөрөнгөжих зөрчлийг шалгах журмыг хуулиар зохицуулна.
Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын хуралдааны үеэр хэлэхдээ
“Авлигаар олсон хөрөнгийг хурааж, нийгмийн сайн сайханд зориулах хууль өргөн мэдүүлнэ. 18 настай хүүхэд iPhone хулгайлаад таван жил ял эдэлж байхад албан тушаалтан авлига аваад, 50 саяыг төлөөд ял завшдаг байж болохгүй. Авлига бол санхүүгийн нарийн схем. Байгалийн баялаг, өмч хөрөнгийг нуудаг, олон улс, оффшор дамжуулж угаадаг. Засгийн газрын санаачилсан хуулиар авлигаар дагнасан, мэргэшсэн шүүхтэй болно.
Авлигачдын хөрөнгийг хурааж, хуримтлалын сан бүрдүүлж, нийгмийн сайн сайханд зориулах хуультай болно” хэмээсэн юм.


Ийнхүү сүүлийн гурваас дөрвөн жилийн турш яригдсан хууль УИХ-д албан ёсоор өргөн мэдүүлэхэд бэлэн болж байна.
Ерөнхий сайд Н.Учралын энэ удаагийн санаачилгын гол ач холбогдол нь авлигатай тэмцэх асуудлыг зөвхөн эрүүгийн хариуцлагын хүрээнд бус, эдийн засгийн үр дагавартай нь хамтатган авч үзэж буйд оршино.
Авлигачдад ял оноох нь нэг хэрэг. Харин авлигаар олсон хөрөнгийг нь хурааж, нийгэмд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх нь шударга ёсыг тогтоох өөр нэг чухал алхам юм. Хууль бусаар хэдэн тэрбум төгрөгийн хөрөнгө хуримтлуулсан этгээд бага хэмжээний торгууль төлөөд, үлдсэн хөрөнгөө авч үлддэг тогтолцоо байвал авлига авах эдийн засгийн сонирхол хэзээ ч арилахгүй. Тиймээс авлига авах нь ашиггүй болгох эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх нь энэ хуулийн төслийн хамгийн чухал агуулга юм.


Түүнчлэн авлигаар олсон хөрөнгийг хурааж, эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулах санаачилга онцгой ач холбогдолтой. Хууль бусаар олсон хөрөнгөөр эмнэлэг, сургууль барьж, хүүхэд багачуудын суралцах орчин, иргэдийн эмчлүүлэх нөхцөлийг сайжруулах боломж бүрдэнэ. Энэ нь авлигын улмаас нийгэмд учирсан хохирлыг нийгмийн сайн сайханд чиглэсэн хөрөнгө оруулалтаар нөхөх зарчим юм. Н.Учралын Засгийн газрын өмнө тулгарч буй томоохон сорилтуудын нэг нь төрд итгэх иргэдийн итгэлийг сэргээх явдал. Үүнийг уриа лоозон, мэдэгдлээр бус гагцхүү шударга ёсыг бодитоор хэрэгжүүлэх эрх зүйн шинэчлэлээр шийдвэрлэх учиртай. Олон жил яригдсан асуудлыг Засгийн газрын шийдвэрийн түвшинд хүргэж, хууль тогтоох байгууллагад өргөн мэдүүлэхээр болсон нь энэ чиглэлд хийж буй үнэлүүштэй алхам мөн. Мэдээж хуулийн төслийг өргөн мэдүүлэх нь шинэчлэлийн эхлэл төдий. УИХ-аар батлуулах, хэрэгжилтийг хангах, шүүхийн хараат бус байдлыг хамгаалах, хураан авсан хөрөнгийн зарцуулалтыг ил тод байлгах зэрэг чухал ажлууд цаашид хүлээгдэж байна. Хэрэв Ерөнхий сайд Н.Учрал энэхүү шинэчлэлийг тууштай хэрэгжүүлж чадвал энэ нь түүний Засгийн газрын төдийгүй Монголын авлигатай тэмцэх бодлогын томоохон ололт болох учиртай.Авлигаар баяжих боломжийг хааж, хууль бусаар олсон баялгийг ард түмэнд эргүүлэн өгөх нь шударга ёсны бодит илэрхийлэл билээ.

 

Б.НАМУУНТАМИР

"Монголын ҮНЭН" сонин

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.