МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр › Улс Төр › Н.Батцэрэн: Ерөнхий сайд Н.Учралыг би ху...

Н.Батцэрэн: Ерөнхий сайд Н.Учралыг би хувьдаа ихээхэн дэмжиж байгаа

Цэмцгэр өвгөнтэй байрны гадаа байнга таардаг. Хааяахан цэргийн дүрэмт хувцсаа өмчихөөд алхаж явах нь нүдэнд содон тусдаг. Яагаад ч юм хүмүүс түүнд их л ам сайтай байдаг юм.

Үнэн
Админ

Цэмцгэр өвгөнтэй байрны гадаа байнга таардаг. Хааяахан цэргийн дүрэмт хувцсаа өмчихөөд алхаж явах нь нүдэнд содон тусдаг. Яагаад ч юм хүмүүс түүнд их л ам сайтай байдаг юм. Уулзаж ярилцах зорилгоо нэгэн амралтын өдөр биелүүлэв. 90 нас шүргэж яваа Чойжоогийн Батцэрэн гэдэг өвгөн аж. Батлан хамгаалах салбарт олон жил ажилласан хурандаа цолтой гэнэ. Яриа хөөрөөтэй, энгийн сайхан харилцаатай энэ бууралтай хэсэгхэн хугацаанд хөөрөлдлөө. 
Ч.Батцэрэн гуай 1954-1969 онд Улаанбаатар төмөр замд засварчин, вагон үзэгч, алхах үзэгч, Улаанбаатар зангилааны ХЗЭ-ийн анхан шатны хорооны дарга, Улаанбаатар төмөр замын ХЗЭ-ийн хороонд хэлстийн эрхлэгчээр ажиллаж байгаад батлан хамгаалах салбарт шилжин олон жил ажил, амьдралаа холбожээ. 1969-1990 онд Ардын армид 21 ажиллахдаа 122 дугаар анги буюу Төмөр замын иргэний хамгаалалтын ангид ухуулах ажлын зааварлагч, армийн Улс төрийн газрын эвлэлийн байгууллагын хэлтсийн зааварлагч, хэлтсийн орлогч, Улстөрийн газрын намын зохион байгуулалалтын хэлтэст байцаагч, байцаагчдын группийн ахлагч, Батлан хамгаалах яамны Ерөнхий хэлтсийн орлогч, тасгийн дарга, Зэвсэгт хүчний жанжин штабын дөрөвдүгээр газрын Улирсан цэргийн албан хаагчдын хэлтсийн дарга, Батлан хамгаалах яамны боловсон хүчний газрын орлогч, Офицерын хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Тэтгэвэртээ гараад 1990-2025 онд Нийтийн аж ахуй, үйлчилгээний салбарт тасралтгүй 35 жил ажилласан байна. 


1999 онд Офицеруудын ордны зүүн талын Батлан хамгаалах яамны офицер, генерал, ажилтан албан хаагчдын орон сууцны СӨХ-ны даргаар оршин суугчдын хүсэлтээр сонгогджээ. Хуучны байр учраас хаалга үүд нь хэмхэрсэн, дусаал гоождог, архины хамааралтай хүмүүс орогнодог зэрэг маш олон том асуудал хуримтлагдсан “аймаар” гурван байрыг менежментийн ухаан, хөдөлмөрч зан хоёроороо танигдахын аргагүй шинэлчилж чадсан талаар оршин суугчид нь ам сайтай байдаг аж. 
Бороотой өдөр гэртээ шүхэр бариад сууж байдаг айл ч байсан бол өнөөдөр тэр бүхэн түүх болон ард хоцорч, дээвэр болон сантехникийн шугамаа бүрэн шинэчилсэн нь энэ хүний гавьяа. СӨХ өөрийн хөрөнгө, хүч, хөдөлмөрөөрөө эвдэрч хэмхэрсэн, өнгө үзэмжгүй болсон дундын өмчөө богино хугацаанд засаж, улмаар жил бүр байнга засвар үйлчилгээ хийж, оршин суугчдын тав тухтай амьдрах боломжийг 26 жил тасралтгүй хангаж иржээ. Түүний ажлын үр дүн хэний ч нүдэн дээр ил байгаа учраас хэд хэдэн удаа улсын “Шилдэг”, “Манлай” СӨХ-гоор шалгарсан байна. 70 жил улсдаа хөдөлмөр эрхэлсэн ийм хүн ховор биз ээ.

-Хоёулаа танилцъя. Та аль нутгийн хүн бэ. Ямар ажил эрхэлж байв?

-Өвөө нь 1937 онд Завхан аймгийн Сантмаргаз сумын нутаг дахь Сурагтын цохио хэмээх газар малчин ард Чойжоогийн долоо дахь хүү болон төрсөн. Аав, ээж маань эрдэм номын хүн болгох сонирхолтой байсан болохоор багаасаа л их хичээдэг хүүхэд байж билээ. 1956 онд Улаанбаатар төмөр замын сургууль комбинатын вагон үзэгчийн курс, 1962 онд оройн 10 дугаар анги, 1963 онд Москвад Комсомолын төв сургууль, 1967 онд Улаанбаатар хотын МАХН-ын хорооны дэргэдэх Марксисзм, Ленинизмын оройн их сургууль, 1976 онд МАХН-ын Төв хорооны дэргэдэх Д.Сүхбаатарын нэрэмжит Намын дээд сургуулийн эчнээ ангийг тус тус дүүргэсэн. Бас болоогүй ээ, 1971 онд Москвад Иргэний хамгаалалтын дээд курс, 1978 онд мөн л Москвагийн В.Лениний нэрэмжит Цэрэг, улстөрийн академийн дээд курсыг тус тус төгсөөд амжсан. Зарим хүн суралцах дургүй байдаг бол би ажил хийнгээ аль болох мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх юмсан гэдэг хүсэл зорилготой байсан. Сурч боловсорч байж л улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэг ухамсар, төлөвшилтэй байсан учраас л тэр юм болов уу даа. Ер нь тухайн үеийн хүмүүс амиа биш эх орноо боддог сэтгэлтэй байсан байж дээ гэж одоо боддог. Нийтээрээ цаг нартай уралдсан, сурч мэдэж, хийж бүтээе гэсэн чин эрмэлзлэлтэй цаг үе байлаа.

-Таны түүх намтрыг сонсоод байхад аргагүй л хөдөлмөрч юм даа гэдэг бодол төрлөө. Энэ сайхан чанарыг яаж олж авсан бэ. Эцэг, эхийн хүмүүжил үү?

-Тиймээ. Аав, ээж маань ажилсаг, хатуужилтай сүрхий хүмүүс байсан. Намайг нэгдүгээр ангиа төгсөх жил буюу 1950 онд манайх хотод нүүж ирсэн. Анх орж ирээд гэр орон ч байхгүй Гандангийн дэнж дээр майханд зургуулаа амьдарч үзсэн  удаатай. Өвөл их даардаг байсан даа. Нэг өглөө би гараад явж байтал ахимаг настай эмэгтэй модоо хагалж чадахгүй байгаа нь хашааны завсраар харагдав. Зүгээр хараад өнгөрч чадсангүй. “Эмээ би та хагалаад өгөх үү” гэвэл их баярлаж байна. Би ч хэдэн модыг нь яралзтал хагалаад хураачихлаа. Эмээ гэртээ оруулж сайхан амттай цай  хоолоор дайлснаа миний хүү эмээдээ тусалж байгаарай гэв. Би ч толгой дохив. “Танайх энэ хавьд байдаг уу” гэж асуухаар нь “Тиймээ, майхантай айл чинь манайх шүү дээ” гэвэл “Зайлуул, их даардаг байх даа. Манайд дөрвөн ханатай илүү гэр бий. Одоо пинд хураалттай байгаа. Авч болно шүү” гэлээ. Бид баярлаад эмээгийн илүү гэрийг барьж даарахын зовлонгоос салж билээ. Аав маань Гутлын үйлдвэрт, ээж Эсгий гутлын үйлдвэрт ажилд орсноор амьдрал мэдэгдэхүйц дээшилсэн дээ. Багаасаа хатуу хөтүү амьдрал үзсэн маань намайг ажилсаг, шударга, зарчимтай хүн болгосон гэж боддог. Тэр үед Улаанбаатарт өндөр барилга ховор байлаа. Хамгийн өндөр нь Улсын их дэлгүүр, нэгдүгээр сургууль, анхны Цахилгаан станц. Дунд болон Сэлбэ голыг дагаад мал бэлчсэн зэлүүд газар байсан.  

 -Та батлан хамгаалах салбарт бүхэл бүтэн 21 жил ажиллажээ. Тухайн үеийн цэргүүд бие физиологи, хүмүүжлийн хувьд ямар байсан бэ?

-Бие эрүүл, хүмүүжил сайн залуус цэргийн албанд олноороо ирдэг байсан. Ялангуяа хөдөө мал дээр байсан залуус өөр байсан санагддаг юм. Даарч хөрөөд, өлсөж цангаад сурчихсан хатуужилтай гэсэн үг шүү дээ. Тухайн үеийн цэргүүд нэг нэгнээ хүмүүжүүлдэг байлаа. Гэхдээ цохиж зодох биш өөрт байгаа давуу зан чанараараа үлгэрлэдэг байсан юм. Үг хэлээд ойлгодоггүй, зааж сургаад тусгаж авдаггүй хэнэггүй нөхдүүд даргадаа хааяа ганц хоёр алгадуулах явдал байсан л байх. Тэр ч байтугай миний хүү цэргийн алба хааж байхдаа шонгийн мод түшин унтаж байгаад даргаасаа ширүүхэн зэм  хүртэж байсан юм. Манаанд гарч байж унтана гэдэг цэрэг хүнд байж болохгүй асуудал шүү дээ.

-Та дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр бас сонгогдон ажиллаж байсан. Өөр ямар сонгуульт алба хашиж байв? 

-1956-2025 онд Улаанбаатар төмөр зам, Ардын армид эвлэлийн болон намын үүрийн даргын сонгуульт үүргийг гүйцэтгэж байлаа. Мөн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурлын даргаар 15 жил ажилласан. 
Түүнээс гадна Монголын сууц өмчлөгчдийн холбоодын Дээд зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, захирлуудын ёс зүйн хорооны дарга, Батлан хамгаалах яамны Ахмадын хорооны хяналтын зөвлөлийн дарга, Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч зэрэг сонгуульт ажлыг гүйцэтгэж ирлээ.

-Та одоо 90 нас шүргэж байна. Эрүүл мэнддээ хэрхэн анхаардаг вэ?

-Оюун санаагаа дасгалжуулж, тогтмол өдрийн тэмдэглэл хөтөлдөг. Өглөөд 50-60 минут гимнастик хийнэ. Сэрээд орон дотроо 20, босож суугаад мөн 20 минутын дасгал хийдэг. Хоолыг яг цагтаа иддэг. Өглөө хөнгөн чанартай жаахан хүнс идээд, ус голдуу ууна. Өдөр 13, орой 18 цагт хоол идээд унтах хүртлээ юу ч амсахгүй. Түүнээс гадна хүн эрүүл амьдахын тулд уурлаж болохгүй. Аль болох хөгжилтэй байж сайн, сайхан зүйл ярьж, бодож байх ёстой. Аливааг дандаа болох бүтэх талаас нь харж, бусдыг буруутгах биш тусалж байх ёстой. Ялангуяа ядарч яваа нэгэндээ тус болдог хүний үйлс дандаа бүтдэг юм. Би хүнд чадах чинээгээрээ тус болохыг хичээсээр өдий хүрлээ. Би хувьдаа хүнийг
1. Хүн болсон хүн
2. Хүн болох замдаа яваа хүн
3. Хүн болох замдаа гараагүй хүн гэж гурван өнцгөөс харж дүгнэдэг. Хүн болсон хүн гэдэг маань хүмүүжил, ёс суртахуун, үзэл бодол, хүн чанарын хувьд бүрэн төлөвшсөн хүнийг хэлж байгаа юм шүү дээ. Хүн болох замдаа явж байгаа хүн гэж зөв замаа олж хараад түүгээрээ алхаж яваа хүнийг хэлж байгаа юм. Замаасаа хазайж, гарч л болохгүй. Хүн болох замдаа гараагүй хүн гэж насанд хүрсэн ч буруу замаар будаа тээж яваа ухаан бодол нь булингартсан хүнийг хэлж байна гэж ойлгож болно. Ер нь хүн гэдэг амьтан нэг нэгэндээ туслах  гэж, нийгэмд хэрэгтэй юм бүтээх гэж энэ хорвоод ирдэг юм. Тус болж чаддаггүй юм гэхэд гай болж болохгүй. Сайхан сэтгэл, хүн чанар буян дагуулж, улмаар урт насалдаг. 

-Ахмад буурлынхаа хувьд хэлж яримаар санагддаг үг олон байдаг биз?

-Олон байлгүй яахав. Өнөөдөр гурван сая гаруйхан хүн амтай улсад олон намын хэрэг байхгүй санагдах юм. Аль ч шатанд чадвардаг удирдлага, зохион байгуулалт, цэгцтэй бодлого амин чухал. Хууль ягштал хэрэгжих ёстой. Нөгөө талаар хүүхдийн хүмүүжилд анхаарахгүй бол байдал биш боллоо. Эх оронч үзлийг багаас нь суулгах ёстой юм. Тусгаар тогтнол бол юугаар ч сольшгүй асар үнэтэй гэдгийг ойлгуулахгүйгээр улс орон цаашаа явахад хэцүү л дээ. Сайн тал нь гэвэл өнөөгийн хүүхэд залуус гадаад хэлний мэдлэг сайтай болж. Үүнийгээ зөв ашиглах хэрэгтэй. Энэ ташрамд хэлэхэд, би Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт”, “Тэрбум мод” хөдөлгөөнийг бүрэн дүүрэн дэмждэг. Ахмадууддаа хандаж нэг үг хэлэхэд манай зарим ахмад түүхээ буруу ярих юм. Үүх түүхээ үнэн бодитой ярих ч ёстой хүмүүс бол ахмадууд шүү дээ. Улаан цайм худлаа  ярихыг нь сонсохоор нүүр улайх ч багадаад байна.

-Ингэхэд таны амьдралдаа баримталж ирсэн гол зарчим юу вэ?

-Хүн үзэл бодолдоо үнэнч байх ёстой. Энэ бол миний гол зарчим. Би 68 жилийн өмнө МАН-ын гишүүн болж байсан. Одоо ч энэ намын гишүүн хэвээрээ. 30 гаруй жил намын орон тооны болон орон тооны бус ажил хийсэн маань үзэл бодолдоо үнэнч, тууштай зангийн маань хамгийн том  нотолгоо.

 Үзэл бодолдоо үнэнч биш улааныг үзэж урваж, шарыг үзэж шарвадаг хүмүүст дургүй. Энэ улсын хөгжил дэвшил МАН-тай салшгүй холбоотой. Үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй. МАН-ын дарга, залуу Ерөнхий сайд Н.Учралыг би хувьдаа ихээхэн дэмжиж байгаа. Бодлоготой, бодлогоо хэрэгжүүлэх арга замаа зөв олж харсан шийдэмгий удирдагч гэж талархан харж байна.
-Баярлалаа. Хэсэгхэн зуур үнэтэй сургаал хайрласан танд баярласнаа илэрхийлж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

 

Д.Лхагвадорж
"Монголын үнэн" сонин

 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.