МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр › Улс Төр › Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоо...

Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.11.24/ Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Үнэн
Админ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.11.24/ Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаар албан даалгаварт "Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, шаардлагатай зардлыг санхүүжүүлэх зорилгоор олон улсын байгууллага болон хөгжлийн түнш орнуудаас санал болгож буй төсвийн дэмжлэгийн зээл авах асуудлыг судалж, хэрэгжүүлэх" асуудлыг Сангийн сайдад даалгасныг З.Мэндсайхан сайд энэ үеэр дурдаад, энэ хүрээнд асуудлыг судалж, хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

Ойрх Дорнодод үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Ази, Номхон далайн орнуудын эдийн засгийн өсөлт 2026 онд 4.9 хувьтай тэнцэх буюу өмнөх оны өсөлтөөс 0.6 нэгж хувиар буурах төлөв ажиглагдаж байгаа аж. Геополитикийн нөхцөл байдлын ээдрээтэй энэ үед гадаад валютын нөөцийг тогтвортой болгох, эрсдэлийг хамгаалах, төсвийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкнаас 100.0 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн зээлийн хөрөнгийг авч ашиглахаар төлөвлөж байсныг хэлэлцээрийн үр дүнд 200.0 сая ам.доллар болгон нэмэгдүүлсэн гэдгийг Сангийн сайд танилцуулав.

Энэхүү зээлийн эргэн төлөлтийн хугацаа нь 15 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3 жил байх, хүүгийн түвшний хувьд хөвөгч суурь хүү болох баталгаат овернайт санхүүжилтийн хүү дээр 0.5 хувийн нэмэгдэлтэй аж.

Мөн тус банктай хөтөлбөр боловсруулсны үр дүнд Монгол Улс Болзошгүй гамшгийн үеийн эрсдэлийн санхүүжилтийн хүрээнд 250.0 сая ам.долларын зээлийн шугам байгуулахаар тохирсон. Өөрөөр хэлбэл, уг санхүүжилтийн шугамыг нээснээр байгаль цаг уурын гамшиг нүүрэлсэн тохиолдолд эрсдэлийн үед яаралтай санхүүжилтийг гаргахад бэлэн байдлыг хангахад чиглэсэн гэдгийг Сангийн сайд тодотгосон юм.

Хуулийн төсөл нь 1 зүйлтэй бөгөөд тус зүйлд Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлахаар тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.