Зууны тэртээгээс эргэн ирсэн түүх: Герман, Францад суралцсан анхны Монгол эмэгтэйчүүд
Монгол сурагчид өрнөдийн өндөр хөгжилтэй орон болох Герман, Франц Улсад эрдэм боловсрол эзэмшихээр зорин одсоны тэгш 100 жилийн ой энэ онд тохиож байна.
Монгол сурагчид өрнөдийн өндөр хөгжилтэй орон болох Герман, Франц Улсад эрдэм боловсрол эзэмшихээр зорин одсоны тэгш 100 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү түүхэн ойд зориулан Монголын Театрын музей, архив, судалгааны байгууллагууд болон үр хойчсынх нь хамтран зохион байгуулж буй “Герман, Франц Улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” тусгай үзэсгэлэн 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд Монголын Театрын музейд үүдээ нээлээ. Арваннэгдүгээр сарын 26-ныг хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэнгийн танхимаас бэлтгэсэн дэлгэрэнгүй сурвалжилгыг толилуулж байна.
1921 оны Ардын хувьсгалын дараа тусгаар тогтнолоо баталгаажуулж, орчин цагийн улс орныг цогцлоон байгуулах түүхэн зорилт Монголын өмнө тулгарч байв. Тэр дундаа үндэсний сэхээтэн, нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх асуудал нэн тэргүүнд тавигдсан юм. 1925 онд Ардыг гэгээрүүлэх яамны сайд Б.Эрдэнэбатхаан тэргүүтэй төлөөлөгчид Герман, Франц Улсад албан ёсоор айлчилж, монгол хүүхдүүдийг өрнөдийн өндөр хөгжилтэй орнуудад сургах гэрээ хэлэлцээрийг байгуулснаар 1926 онд анхны 35 сурагч алс холын Европыг зорьсон түүхтэй.
Тухайн үед монгол охидыг алс холын харь оронд эрдэм сурахаар явуулна гэдэг нь нийгмийн сэтгэлгээний хувьд асар том эргэлт, зоримог алхам байлаа. 1926 онд Нийслэл хүрээний бага, дунд сургуулиас сурлага, сахилга бат, бие бялдраараа шалгарсан таван охин (Г.Батсүх, Д.Цэрэнханд, Д.Сурмаажав, Г.Хаалаа, Б.Юмхүү) анхны сурагчдын бүрэлдэхүүнд багтан Герман Улсыг зорьсон бөгөөд хожим их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадулам, эрдэмтэн Ж.Цэвээний гэргий С.Бадамжав нар мөн тус улсуудад суралцаж, эрдэм мэдлэгээ дээшлүүлсэн байдаг.

ТҮҮХИЙН ЦОНХЫГ НЭЭСЭН 170 ГАРУЙ ХОВОР ҮЗМЭР
Монголын Театрын музейн үзэсгэлэнгийн танхимд хөл тавихад зууны тэртээх амьд түүх, гэгээн дурсамж өөрийн эрхгүй амилах шиг санагдана. Энэ удаагийн үзэсгэлэнд анх Германд суралцсан таван охиноос гадна Д.Пагмадулам, С.Бадамжав нарын амьдрал, уран бүтээлийг хамруулан, нийт долоон анхдагч эмэгтэйн түүхийг нэг дор цогц байдлаар дэлгэн харуулжээ.
Үзэсгэлэнгийн танхимд нийтдээ 60 гаруй гэрэл зураг, 40 орчим эд өлгийн зүйл, 31 ном, архивын 30 гаруй баримт болон гэр бүлийн ховор нандин 40 гаруй баримт бичиг дэлгэгдсэн нь судлаачид төдийгүй түүх сонирхогч олон түмний анхаарлыг зүй ёсоор татаж байна.
Үзмэрүүдийн дунд Германд суралцаж байхдаа барьж явсан арьсан цүнх (чемодан), өмсөж байсан бүрх малгай, гар хийцийн нэхмэл эдлэлүү, тухайн үеийн Европын сонгодог хөгжим болон монгол дуу бичлэг бүхий ховор пянзны цуглуулга, Д.Пагмадуламын 1924 оны МАХН-ын III их хурал дээр эмэгтэйчүүдийн эрх чөлөө, боловсролын талаар хэлсэн түүхэн үгийн бүрэн эх, Ардын багш Г.Батсүх гуайд төрийн дээд шагнал гардуулж буй олны хүртээл болоогүй гэрэл зургууд, 1926-1929 оны хооронд Германы Виксдорф хотын сургуулиас эх орондоо илгээж байсан захидал, сурлагын дүнгийн хуудас, тодорхойлолтууд зэрэг хосгүй үнэт дурсгалууд багтжээ. Тус үзэсгэлэнг зохион байгуулагч, судлаач Ц.Наранчимэг хэлэхдээ “Энэхүү үзэсгэлэнг дэлгэснээрээ судлаачдад цоо шинэ судалгааны эх хэрэглэгдэхүүнийг бэлтгэж өгч байгаагаараа онцлогтой. Учир нь эдгээр долоон эмэгтэйн амьдрал, үйлс түүхийн судалгаанд бүрэн ороогүй, бие даасан томоохон судалгаа хараахан хийгдээгүй байсан юм. Тэд эх орондоо эргэн ирээд боловсрол, соён гэгээрүүлэх үйлсэд асар их хувь нэмэр оруулсан байдаг. Жишээлбэл, Ж.Цэвээний гэргий С.Бадамжав гэхэд Монголын орчуулгын албаны анхны франц хэлний эмэгтэй орчуулагч байсан бөгөөд түүний орчуулгууд тухайн үеийн монгол хэлний яруу тансаг үг хэллэгийг гайхалтай хадгалж үлдсэн байдаг. Мөн Г.Батсүх багшийн Германд барьж явсан цүнх, пянзны цуглуулга дотор судалгаанд огт ороогүй олон дуу хадгалагдаж байгаа нь судлаачдын хувьд үнэлж баршгүй өв юм” гэлээ.

ЭРДЭМ БОЛОВСРОЛ, СОЁЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ТҮҮЧЭЭ БОЛСОН АНХДАГЧИД
Үзэсгэлэнгийн гол цөм нь долоон эмэгтэйн давтагдашгүй намтар, эх орондоо байгуулсан гавьяа зүтгэлийг тодруулан харуулахад оршиж байна.
Боловсролын салбарын амьд түүх Ардын багш Г.Батсүх
1926 онд Герман улсыг зорьсон таван охины нэг Гунгаажавын Батсүх нь өрнөдийн боловсролын тогтолцоог эх орондоо нутагшуулахад насан туршийнхаа хөдөлмөрийг зориулсан эрхэм юм. Тэрбээр Германд суралцаж ирснийхээ дараа Монголын дунд болон дээд боловсролын байгууллагуудад олон арван жил багшилж, мянга мянган шавь төрүүлсэн гавьяатай. Түүний эдэлж хэрэглэж байсан чемодан, сурах бичиг, ховор пянзны цуглуулга болон төрийн шагнал хүртэж буй түүхэн гэрэл зургууд үзэсгэлэнгийн хүндэт хэсэгт байрлажээ.
Франц хэлний анхны эмэгтэй орчуулагч С.Бадамжав
Нэрт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч Ж.Цэвээний гэргий Сахъяагийн Бадамжав нь тухайн үеийн хамгийн өндөр боловсролтой монгол эмэгтэйчүүдийн нэг байв. Тэрбээр 1920-иод онд Франц Улсад суралцаж, франц, орос хэлийг төгс эзэмшсэн бөгөөд Монголын орчуулгын албаны анхны франц хэлний эмэгтэй орчуулагчаар ажиллаж байжээ. Түүний орчуулсан өрнөдийн сонгодог зохиолууд болон эрдэм шинжилгээний бүтээлүүд нь XX зууны эхэн үеийн монгол бичгийн хэлний яруу тансаг найруулгыг хадгалж үлдсэнээрээ онцлогтой.
Харамсалтай нь 1930-аад оны улс төрийн хэлмэгдүүлэлтийн шуурганд өртөж, түүний нэр алдар, бүтээл туурвил олон жил хаалттай байсныг энэхүү үзэсгэлэн дахин сэргээн сануулж байна.
Нийгмийн зүтгэлтэн, анхдагч сэхээтэн Д.Пагмадулам
Монголын орчин цагийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн гэргий Дамдины Пагмадулам нь зөвхөн их зохиолчийн хань бус, харин 1920-иод оны Монголын эмэгтэйчүүдийн хөдөлгөөний анхдагч, нийгмийн зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч байв. Тэрбээр 1926 онд нөхөр Д.Нацагдоржийн хамт Герман Улсад суралцахаар явж, Берлин, Лейпциг хотуудад боловсрол эзэмшсэн юм. Үзэсгэлэнд түүний МАХН-ын III их хурал дээр хэлсэн үгийн эх хувь болон Германд суралцаж байх үеийн ховор баримтууд дэлгэгджээ.
Үзэсгэлэнгийн үеэр Д.Пагмадуламын зээнцэр Ч.Анар хэлэхдээ “Их зохиолч Д.Нацагдорж, Д.Пагмадулам хоёрын дундаас Цэрэндулам хэмээх ганц охин мэндэлсэн юм. Цэрэндуламын хүү Түмэнцогт миний аав бөгөөд би Түмэнцогтын ууган хүү Анар байна. Өнөөдөр Монголын Театрын музейд ийм сайхан үзэсгэлэн нээгдэж, эмээгийн минь түүх, холбогдох баримтууд олон нийтийн хүртээл болж байгаад сэтгэл их өндөр байна. Ер нь эмээтэй минь холбоотой хувийн амьдрал ахуйн баримт сэлт тун ховор шүү дээ. 1990-ээд оноос хойш судлаач, зохиолчид архивын сан хөмрөгийг нягтлан судалсны үр дүнд түүхийн үнэт баримтууд ийнхүү аажмаар ил болж, өнөөдөр тав, зургаа дахь удаагийн үзэсгэлэндээ дэлгэгдээд байна” гэв.

МОНГОЛЫН НОМЫН САНГИЙН АЛТАН ҮЕИЙНХЭН: Д.ЦЭРЭНХАНД БА Д.СУРМААЖАВ
Германд суралцсан охидын түүх Монголын орчин цагийн номын сангийн шинжлэх ухааны үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой. 1926 онд Германд очсон охидоос Доржийн Цэрэнханд, Донойн Сурмаажав нар Виксдорф хотод номын санч, ном зүйчийн мэргэжлээр суралцаж, эх орондоо эргэн ирээд Улсын төв номын сангийн (одоогийн Үндэсний номын сан) тулгын чулууг тавилцсан түүхтэй.
Д.Сурмаажав болон Д.Цэрэнханд нар өрнөдийн номын сангийн бүртгэл, каталогжуулалтын арга зүйг Монголд анхлан нэвтрүүлж, олон зуун жилийн түүхтэй монгол, төвөд судар номыг ангилан бүртгэх нүсэр ажлыг эхлүүлсэн юм. Үзэсгэлэнд тэдний гараар хөтөлж байсан анхны номын бүртгэлийн дэвтэр, каталогын карт болон архивын баримтууд тавигджээ.
Д.Цэрэнхандын зээ Э.Дондмаа энэ үеэр “Миний эмээ Доржийн Цэрэнханд 1911 онд одоогийн Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд төрсөн бөгөөд Нийслэл хүрээний бага, дунд сургуульд суралцаж байгаад 1926 онд Германы Виксдорф хотод номын санчаар суралцахаар явсан юм. Харамсалтай нь 1929 онд тайж гаралтай гэх шалтгаанаар цөөн хүүхдийг эргүүлэн татахад эмээ минь мөн багтсан байдаг. Эмээгийн ээж Чимэдцэрэн, аав Мээрин нар нь тухайн үед тайж гаралтай хүмүүс байжээ. Эх орондоо ирснийхээ дараа Ардыг гэгээрүүлэх яаманд бичээчээр ажиллаж, орчуулагчийн сургуульд суралцан, улмаар Шинжлэх ухааны академи болон шинээр байгуулагдсан Улсын төв номын санд насаараа ажилласан. Хуучин монгол ном зохиол цуглуулж санг бүрдүүлэх, номын сангийн анхны каталогжуулалт, бүртгэлийг үүсгэх зэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан тул түүний нэр "Монгол Улсын Шинжлэх ухаан" хэмээх 108 боть цуврал номд мөнхрөн үлдсэн байдаг” хэмээн өгүүллээ.

УТГА ЗОХИОЛЫН МӨНХИЙН ДҮР БА ЭМГЭНЭЛТ ХУВЬ ТАВИЛАН: Г.ХААЛАА БА Б.ЮМХҮҮ
1926 онд Герман Улсыг зорьсон охидын дунд Гомбожавын Хаалаа болон Б.Юмхүү нарын бүсгүйчүүд багтаж байв. Тэдний амьдралын замнал тухайн цаг үеийн нийгэм, улс төрийн ээдрээт үйл явдлуудтай нягт холбоотой өрнөжээ. Ялангуяа Гомбожавын Хаалаагийн гоо үзэсгэлэн, эрдэм боловсрол, богинохон боловч гэрэлт амьдрал нь Монголын утга зохиолд мөнхрөн үлдсэн байдаг.
Тэрбээр зохиолч Н.Наваан-Юндэнгийн анхны гэргий байсан бөгөөд зохиолчийн алдарт “Соёл-Эрдэнэ” зохиолын гол дүр болох Сарангуагийн эх дүр нь чухамхүү Г.Хаалаа бүсгүй байжээ. Түүний төрсөн ахын ач охин Ү.Энхцэцэг үзэсгэлэнд авга эгчийнхээ хувийн эд зүйлс, гэрэл зургийг дэлгэн оролцож байна.
Г.Хаалаа агсны төрсөн ахын ач охин Ү.Энхцэцэг хэлэхдээ “1926 онд Нийслэл хүрээний сургуулиас сурлага, бие бялдраараа шалгарсан хүүхдүүдийг Герман, Франц руу явуулахад Г.Хаалаа эгч минь тэр таван охины нэг болж Виксдорф хотод суралцсан юм. Тэрбээр герман хэлийг төгс эзэмшсэн тухай хамт сурч байсан нөхөд нь дурсан бичсэн байдаг. Гэвч тайж гаралтай гэх шалтгаанаар 1934 онд сургуулиа төгсөж чадалгүй эргэн дуудагдаж, цэцэрлэгийн хүмүүжүүлэгчээр ажиллаж байгаад хожим Оросын Омск хотод эм найруулагчийн сургууль төгсөн, орос хэлийг мөн сайн эзэмшжээ. Харамсалтай нь өвчний улмаас 38-хан насандаа өөд болсон бөгөөд үр хүүхэд үлдээгээгүй. Тиймээс ах, эгч дүүсийнх нь үр хойч бид өнөөдөр цугларч, түүний дурсгалыг хүндэтгэн үлдсэн цөөн хэдэн зураг, эд зүйлсээр нь дамжуулан энэхүү үзэсгэлэнд оролцож байна. Зохиолч Н.Наваан-Юндэн гуайн “Соёл-Эрдэнэ” зохиолын Сарангуагийн дүр бол яах аргагүй манай Г.Хаалаа эгч шүү дээ. Германд сурч байхад нь байрных нь эзний хүү дурлаж байсан тухай гэгээн дуртгал бидэнд үлджээ” хэмээн дурслаа.

ЗУУНЫГ ЭЛЭЭСЭН ГЭГЭЭН ӨВ
Зууны өмнө эх орноосоо алс холын Европыг зорьж, өрнөдийн соёл, шинжлэх ухааны үрийг Монголын хөрсөнд анхлан суулгасан эдгээр долоон бүсгүйн амьдралын замнал дардан байгаагүй юм. 1920-иод оны сүүлч, 1930-аад оны эхээр гарсан зүүнтний нугалаа, “тайж гаралтай” хэмээн хавчих бодлого, улмаар их хэлмэгдүүлэлтийн хар шуурга тэдний сурч боловсрох, хийж бүтээх хүсэл тэмүүллийг хязгаарлаж байлаа. Тэдний зарим нь 1990-ээд оныг хүртэл урт наслаж, эх орныхоо боловсрол, шинжлэх ухааны хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулсан бол зарим нь цаг бусын эрхээр залуу халуун насандаа хорвоог орхисон гашуун түүхтэй.
Гэвч тэдний эхлүүлсэн соён гэгээрлийн үйлс, өрнөдийн хэлнээс хөрвүүлсэн шилдэг орчуулгууд, Үндэсний номын сангийн алтан сан хөмрөг, утга зохиол, урлагт үлдээсэн гэгээн дүр төрх өнөөдөр ч амьд хэвээр оршсоор байна.
Зууны тэртээх анхдагч охидын түүх, тэдний эдэлж хэрэглэж байсан нандин өвтэй танилцаж, өнгөрсөн түүхээ эргэн дурсахыг хүсвэл 2026 оны арваннэгдүгээр сарын 26-ныг дуустал Монголын Театрын музейг зорихыг уриалж байна.
Б.БОЛОР-ЭРДЭНЭ
"МОНГОЛЫН ҮНЭН" СОНИН






