МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр › Улс Төр › Шанхайн намын даргын хэрэг ба Хятадын ул...

Шанхайн намын даргын хэрэг ба Хятадын улс төрийн шинэ нөхцөл байдал

Хятадын улс төрийн дээд хүрээнд дахин бас нэгэн томоохон үйл явдал өрнөж байна. Тус улсын эдийн засаг, санхүүгийн төв гэгддэг Шанхай хотын Коммунист намын хорооны нарийн бичгийн дарга, Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны гишүүн Чэнь Жининийг намын сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн байж болзошгүй үндэслэлээр шалгаж эхэлсэн тухай мэдээлэл гарлаа.

Үнэн
Админ

Хятадын улс төрийн дээд хүрээнд дахин бас нэгэн томоохон үйл явдал өрнөж байна. Тус улсын эдийн засаг, санхүүгийн төв гэгддэг Шанхай хотын Коммунист намын хорооны нарийн бичгийн дарга, Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны гишүүн Чэнь Жининийг намын сахилга бат, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн байж болзошгүй үндэслэлээр шалгаж эхэлсэн тухай мэдээлэл гарлаа. 
Энэ бол орон нутгийн удирдах албан тушаалтантай холбоотой ээлжит нэгэн хэрэг төдий биш юм. Шанхай хотын намын хороог хэн удирдаж байгаа нь Хятадын улс төрд ямагт онцгой ач холбогдолтой байсаар ирсэн. Учир нь Шанхай бол тус улсын зөвхөн эдийн засгийн төв бус, Хятадын төр, намын дээд удирдлагад хүрэх улс төрийн чухал шат дамжлагын нэг билээ. БНХАУ-ын дарга асан Жян Зэминь, одоогийн төрийн тэргүүн Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, БНХАУ-ын дэд дарга Хань Жэн нар бүгд Шанхай хотын намын хороог удирдаж байсан түүхтэй. Тиймээс энэ албан тушаалд томилогдсон хүний цаашдын улс төрийн замнал олон улсын ажиглагчдын анхаарлыг зүй ёсоор татдаг. Чэнь Жинин ч мөн ийм улстөрчдийн нэг байв. Түүнийг 2027 онд болох Хятадын Коммунист намын XXI их хурлаар Улс төрийн товчооны Байнгын хороонд дэвшин ажиллах боломжтой хүмүүсийн нэг хэмээн олон улсын ажиглагчид нэрлэж байсан юм. Гэвч арваннэгдүгээр сарын 24-нд гарсан мэдэгдэл түүний улс төрийн ирээдүйг бараг л ямар ч найдваргүй болголоо. 
Өдгөө 62 настай Чэнь Жинин бол шинжлэх ухаан, боловсролын салбараас улс төрд орж ирсэн технологийн мэдлэг, мэргэжлийн туршлагатай боловсон хүчин юм. Тэрбээр Их Британийн Лондоны Империал коллежид байгаль орчны инженерийн чиглэлээр докторын зэрэг хамгаалж, Хятадын хамгийн шилдэг гэгддэг Цинхуа их сургуулийн захирлаар ажиллаж байжээ. Улмаар тус улсын Байгаль орчныг хамгаалах яамны сайд, Бээжин хотын даргаар ажилласан бөгөөд 2022 онд Шанхайн намын даргаар томилогдон, Улс төрийн товчооны гишүүн болсон байна. Шанхайг удирдах хугацаандаа тэрбээр хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч, батарей үйлдвэрлэл зэрэг дэвшилтэт технологийн салбарыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллаж байв. Энэ нь Хятадын эдийн засгийг технологийн шинэчлэлд тулгуурлан хөгжүүлэх төв удирдлагын бодлоготой нийцэж байсан юм. 
Чэнь Жининий хэрэг Хятадын улс төрийн дээд удирдлагын хүрээнд сүүлийн үед өрнөж буй өөрчлөлтүүдийн үргэлжлэл гэдгээрээ анхаарал татаж байна. 2022 онд байгуулагдсан Хятадын Коммунист намын Улс төрийн товчоо 24 гишүүнтэй байв. Гэтэл 2025 оноос хойш тус товчооны дөрвөн гишүүн шалгалтад хамрагдаад байна.

Чэнь Жининий өмнө Хятадын цэргийн дээд удирдлагууд болох Хэ Вэйдүн, Жан Юшя, Шинжааны намын хорооны нарийн бичгийн дарга асан Ма Шинрүй нар шалгагдсан билээ. Ийнхүү нам, төр, армийн удирдлагын хүрээнд авлигын эсрэг шалгалт зэрэгцэн өрнөж байгаа нь Ши Жиньпиний 2012 оноос хэрэгжүүлж ирсэн авлигатай тэмцэх бодлого шинэ шатанд гарч буйг илтгэж байна. 


Ши Жиньпин намын удирдлагыг хүлээн авсан цагаасаа эхлэн авлигатай тэмцэхийг бодлогынхоо тэргүүлэх чиглэл болгосон. Өндөр албан тушаалтныг ч, төрийн анхан шатны албан хаагчийг ч ялгалгүй шалгах энэхүү бодлогыг Хятадад “бар, ялаа хоёуланг нь барих” хэмээн нэрлэдэг. Арван гаруй жил үргэлжилж буй авлигын эсрэг тэмцлийн өнөөгийн онцлог нь улс төрийн эрх мэдлийн хамгийн дээд түвшинд хүрч, одоо ажиллаж буй нөлөө бүхий удирдагчдыг ч хамрах болсон явдал юм. 
Хятадын албан ёсны байр сууринаас авч үзвэл энэ нь намын сахилга бат, төрийн хариуцлагыг бэхжүүлж, авлигаас ангид засаглалыг төлөвшүүлэх бодлогын үргэлжлэл аж. Харин өрнөдийн зарим судлаач авлигын эсрэг тэмцлийг эрх мэдлийн төвлөрөл, намын дотоод хяналт болон улс төрийн боловсон хүчний бодлоготой холбон тайлбарладаг. 
Гэхдээ Чэнь Жининийг шалгаж буй тодорхой үндэслэл олон нийтэд ил болоогүй нөхцөлд түүний хэрэг улс төрийн дотоод өрсөлдөөнтэй холбоотой эсэхийг дүгнэх боломжгүй. 
Энэ үйл явдал 2027 онд болох Хятадын Коммунист намын XXI их хурлын өмнөхөн өрнөж байгаа нь сонирхолтой. Таван жил тутам болдог тус намын их хурлаар Хятадын төр, намын удирдлагын дараагийн бүрэлдэхүүн, улс орны хөгжлийн стратегийн үндсэн чиглэл тодорхойлогддог. Өндөр албан тушаал хашиж байсан хэд хэдэн улстөрч богино хугацаанд шалгагдсан нь ирэх жилийн боловсон хүчний өөрчлөлтийн талаарх өмнөх төсөөллийг өөрчилж байна. Чэнь Жининий хэрэг Шанхай хотын улс төр, эдийн засгийн амьдралд ч тодорхой ач холбогдолтой. Шанхай бол Хятадын дэлхийн эдийн засагтай холбогдох гол гарц, олон улсын санхүү, худалдаа, хөрөнгө оруулалтын томоохон төв билээ. Тиймээс хотын удирдлагад гарах аливаа өөрчлөлтийг олон улсын бизнесийн хүрээнийхэн анхааралтай ажигладаг. 

Чэнь Жининийг шалгаж эхэлснийг зарласны дараа Шанхай хотын намын удирдлагууд шуурхай хуралдаж, намынхаа төв удирдлагын шийдвэрийг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Энэ нь хотын удирдлагад үүссэн нөхцөл байдал нам, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа болон эдийн засгийн бодлогын залгамж чанарт нөлөөлөхгүй байхыг чухалчилж буйн илэрхийлэл гэж үзэж болох юм. 
Чэнь Жининий хэрэгт түүхэн нэгэн ижил төстэй үйл явдал бий. 2006 онд тухайн үеийн Шанхай хотын намын дарга, Улс төрийн товчооны гишүүн Чэнь Лянъюй авлигын хэрэгт холбогдон албан тушаалаасаа чөлөөлөгдөж, 2008 онд 18 жилийн хорих ял сонсож байв. Үүнээс хорин жилийн дараа Шанхайн намын даргатай холбоотой дахин томоохон шалгалт эхэлж байгаа нь энэ үйл явдалд олон улсын хэвлэлүүд онцгой ач холбогдол өгч буйн нэг шалтгаан юм. Чэнь Жининий улс төрийн хувь заяа хэрхэх нь одоогоор тодорхойгүй. Түүнийг ямар үйлдэлд холбогдуулан шалгаж байгаа, ямар хэмжээний хохирол учруулсан эсэх, гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдох эсэх нь ч тодорхой болоогүй байна.Харин энэ хэрэг Хятадын улс төрийн тогтолцооны өмнө тавигдаж буй илүү өргөн хүрээний асуудлыг анхаарлын төвд авчирлаа. Авлигатай тэмцэх урт хугацааны бодлого төрийн институцийн хариуцлага, боловсон хүчний тогтвортой байдал, засаглалын залгамж чанарт хэрхэн нөлөөлөх вэ? 
Энэ асуултын хариулт зөвхөн Чэнь Жининий хэргээр бус, Хятадын Коммунист намын 2027 оны их хурал болон түүнээс хойших улс төрийн үйл явцаар тодорхой болох биз ээ.

 

М.Гал
"Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.