МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр › Нийгэм › Ж.Батзаяа: Монгол Улсын хөгжил Монгол хү...

Ж.Батзаяа: Монгол Улсын хөгжил Монгол хүний хөгжлөөс эхэлнэ

Монгол хүний төлөвшил, гэр бүлийн боловсрол, үндэсний үнэт зүйлийг төрөөс бодлогын түвшинд анхааралдаа авах шаардлагатай байгаа талаар “Монгол хүний эрдэм” хөтөлбөрийн санаачлагч, философийн ухааны доктор Ж.БАТЗАЯАТАЙ ярилцлаа.

Үнэн
Админ

Монгол хүний төлөвшил, гэр бүлийн боловсрол, үндэсний үнэт зүйлийг төрөөс бодлогын түвшинд анхааралдаа авах шаардлагатай байгаа талаар “Монгол хүний эрдэм” хөтөлбөрийн санаачлагч, философийн ухааны доктор Ж.БАТЗАЯАТАЙ ярилцлаа.

–Та яагаад өнөөдөр “Монгол хүний эрдэм”-ийн тухай ярих шаардлагатай гэж үзэж байна вэ?

-Монгол Улсын хөгжлийн талаар бид олон жил ярьсан. Гэхдээ хөгжлийг ихэвчлэн эдийн засаг, дэд бүтэц, барилга байгууламж, төсөв хөрөнгөөр хэмжиж ирлээ. Эдгээр хүчин зүйл мэдээж чухал. Харин тэр бүхнийг бүтээх, удирдах, хамгаалах хүнээ ямар үнэт зүйлтэй төлөвшүүлж байна вэ гэдэг асуулт түүнээс дутахгүй чухал юм. Шударга иргэнгүйгээр шударга төр бий болохгүй. Хариуцлагатай хүнгүйгээр хариуцлагатай байгууллага бий болохгүй. Гэр бүлдээ үүрэг хүлээж сураагүй хүн нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлахад амаргүй. Тиймээс хүний төлөвшлийг гэр бүлийн хүрээнд орхидог хувийн асуудал бус, улсын хөгжлийн суурь асуудал гэж харах хэрэгтэй. Миний дэвшүүлж байгаа гол санаа маш тодорхой. Монгол Улсын хөгжил монгол хүний хөгжлөөс эхэлнэ. Үндэсний үнэт зүйл гэдэг өнгөрсөн рүүгээ буцах тухай ойлголт биш. Харин өөрийн мөн чанараа алдалгүйгээр ирээдүйд өрсөлдөх оюуны дархлаа юм.

–Тэгвэл та монгол хүний эрдэм гэдэг ойлголтыг хэрхэн тодорхойлох вэ? 

-Эрдэм гэдэг үгийг өнөөдөр ихэвчлэн мэдлэг, боловсролтой холбон ойлгодог. Монгол уламжлалт ойлголтоор эрдэм гэдэг нь зөвхөн ихийг мэдэхийг хэлээгүй. Мэдсэнээ амьдралдаа хэрэгжүүлдэг зан чанар, хүний ёс, биеэ авч явах хэм хэмжээ, бусадтай харилцах ухааныг хамтад нь илэрхийлдэг. Хүн их мэдлэгтэй байж болно. Гэхдээ мэдлэгээ бусдыг хуурах, хохироох, өөртөө давуу байдал бий болгоход ашиглавал тэр мэдлэг эрдэм болж чадахгүй. Хүн өндөр боловсролтой байж болно. Гэвч боловсрол нь ёс зүй, хариуцлага, хүнлэг чанартай нэгдээгүй бол нийгэмд сайн сайхныг бус, бүр илүү боловсронгуй хор хөнөөлийг ч бий болгож болно. Тиймээс “Монгол хүний эрдэм” хөтөлбөрийн зорилго нь зөвхөн мэдлэгтэй, чадвартай хүн бэлтгэхэд оршихгүй. Харин мэдлэг, чадвараа зөв зүйлд зориулж, бусдын болон нийгмийн сайн сайхны төлөө хэрэглэж чаддаг хүнийг төлөвшүүлэхэд оршино. Монголчуудын ойлголтоор эрдэм гэдэг хүний дотор хадгалагдаад үлдэх зүйл биш. Үйлдлээр илэрч, бусдад дэм болж, дараагийн үед удамшин уламжлагдах үнэ цэн юм. Эцэг эхийн зан чанар хүүхдэд, багшийн үлгэрлэл шавьд, нэг үеийн үнэт зүйл дараагийн үед өвлөгдөнө. Иймээс эрдэм гэдэг бол зөвийг таних ухаан, зөвийг хийх чадвар, зөвийг тууштай хэрэгжүүлэх зан чанар юм. Энэ гурвын аль нэг нь дутвал эрдэм бүрэн тогтохгүй.

Зөвийг мэддэг ч хийдэггүй бол хоосон мэдлэг болно. Хийж чаддаг ч буруу зүйлд зориулбал ердийн чадвар болно. Харин зөвийг таньж, зөв үйлд зориулан, тууштай хэрэгжүүлж чадвал тэр нь хүний эрдэм болж төлөвшинө.

 Тиймээс “Монгол хүний эрдэм” бол өнгөрсөн үеийн ёс заншлыг цээжлүүлэх тухай хөтөлбөр биш. Монгол хүний удамшуулж, уламжлуулбал зохих зөв чанарыг өнөөдрийн амьдралд бодит үйл, дадал, хариуцлага болгон төлөвшүүлэх тухай үзэл санаа юм. “Монгол хүний эрдэм” бол монгол хүн ямар үнэт чанараа таньж, хадгалж, орчин цагийн амьдралд хөгжүүлэх ёстой вэ гэсэн асуултын хариулт юм. Бид үүнийг гурван суурь чанараар томьёолох бөгөөд хамгийн эхэнд, элбэрэл, энэрэл, хайр бүхий энэрэнгүй хүн. Удаах нь, бат журамтай, шударга, ёс төгс үнэн хүн. Эцэст нь, цэвэр ичимтгий, уужим талбиун, эвийг эрхэмлэдэг ноён нуруутай хүний тухай ойлголт юм. Эдгээр нь нийлж “мөнхөд босоо орших ноён нуруу”-тай монгол хүний дүрийг бүтээнэ. Энэ бол хийсвэр магтаал биш. Хүн гэр бүл, ажил, нийгэмдээ хэрхэн амьдрахыг тодорхойлох зан үйлийн хэм хэмжээ болно. 

ҮНДЭСНИЙ ҮНЭТ ЗҮЙЛ ГЭДЭГ НЬ МӨН ЧАНАРАА АЛДАЛГҮЙГЭЭР ИРЭЭДҮЙД ӨРСӨЛДӨХ ОЮУНЫ ДАРХЛАА ЮМ 

–Үндэсний үнэт зүйл ярихаар өнгөрснөө магтсан, уламжлалаа туйлширсан агуулга болгож хувиргах эрсдэл байдаг. Танай хөтөлбөр юугаараа ялгаатай вэ? 

–Өнгөрсөн үеийн бүх зүйлийг тэр чигээр нь зөвтгөх нь өв соёлоо хамгаалж байгаа хэрэг биш. Үндэсний үнэт зүйл гэдэг хуучин цагийн ахуйг яг хэвээр нь сэргээх тухай ойлголт ч биш. Бид уламжлалт ойлголтыг орчин үеийн шинжлэх ухаантай холбон тайлбарладаг. Монголчуудын “хүний мөс” гэж ярьдаг ойлголт орчин үеийн сэтгэл судлалын эмпати буюу бусдын мэдрэмжийг ойлгох чадвартай хэрхэн холбогдох вэ? “Бат журам” нь өөрийгөө удирдах чадвар, хариуцлага, тууштай байдалтай ямар холбоотой вэ? “Ичгүүр” гэдэг нь хүнийг дорд үзэх мэдрэмж үү, эсвэл буруу үйлдлээс өөрийгөө хязгаарлах дотоод ёс суртахууны зохицуулалт уу? “Эвийг эрхэмлэх” нь зөрчилдөөнөөс зугтахыг хэлэх үү, эсвэл ялгаатай байр суурийг зохицуулах нийгмийн чадвар уу? Ингэж тайлбарлахгүйгээр зөвхөн “Өвөг дээдэс минь мундаг байсан” гэж ярих нь өнөөгийн хүүхэд, залууст хүрэхгүй. Өв соёл бол музейд хадгалдаг дурсгал биш. Өнөөдрийн асуудлыг шийдэхэд хэрэглэж чадвал бодит үнэт зүйл болно. 
Үндэсний үнэт зүйл гэдэг өнгөрсөн рүүгээ буцах тухай бус, өөрийн мөн чанараа алдалгүйгээр ирээдүйд өрсөлдөх оюуны дархлаа юм. 

Ж.БАТЗАЯА:
• Философийн ухааны доктор
• Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч
• Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ажлын албаны
дарга
• “Монгол хүний эрдэм” ТББ-ын үүсгэн байгуулагч
• “Монгол хүний эрдэм”, “Монгол хүний төлөвшил”, “Хүүхэд хөгжлийн
хөтөч дэвтэр”, “Монгол хатдын манлайлал”, “Эмэгтэйчүүдийн
манлайлал” бүтээлийн зохиогч
• Хүний хөгжил, ёс зүй, үндэсний үнэт зүйл, гэр бүлийн боловсрол,
эмэгтэйчүүдийн манлайллын чиглэлээр судалгаа, сургалт, хөтөлбөр
хэрэгжүүлэгч юм.

–Та анх лекц уншиж эхэлсэн. Харин одоо үүнийг хөтөлбөр болгон хөгжүүлж байна. Лекцээс хөтөлбөрт шилжих шаардлага юунаас үүсэв? 

-Лекц хүний бодлыг хөдөлгөж, ойлголт өгч чадна. Гэхдээ нэг удаагийн сэтгэл хөдөлгөсөн яриа хүний зан үйлийг тогтвортой өөрчлөхөд хангалтгүй. Сургалтын дараа хүн “Сайхан лекц сонслоо” гээд гарах нэг хэрэг. Харин гэртээ очоод хүүхэдтэйгээ өөрөөр ярилцаж эхлэх, амласан зүйлээ биелүүлэх, уур бухимдлаа удирдах, гэр бүлийнхээ дүрмийг хамтран тогтоох нь өөр үр дүн. Тиймээс “Монгол хүний эрдэм”-ийг мэдлэг–ойлголт– дадал–төлөвшил гэсэн дарааллаар хөгжүүлэх шаардлагатай болсон. Үүний хүрээнд “Монгол хүний эрдэм”, “Монгол хүний төлөвшил” бүтээл болон “Хүүхэд хөгжлийн хөтөч дэвтэр”-т тулгуурласан цогц агуулгыг боловсруулсан. 
Хүн болох, монгол хүүхэд, монгол хүн, монгол эрэгтэй ба эмэгтэй, монгол эцэг эх, өрх гэрийн ёс гэсэн үндсэн модулиудтай. Хүүхдэд нэг зүйл, эцэг эхэд өөр зүйл ярьчихаад орхих бус, хүүхэд–эцэг эх–багш– гэр бүл гэсэн нэг орчныг хамтад нь хөгжүүлэхийг зорьдог. 

–Тэгэхээр “Монгол хүний эрдэм” зөвхөн хүүхдийн хүмүүжлийн хөтөлбөр биш гэсэн үг үү?

-Тийм ээ. Хүүхдийн төлөвшлийн тухай  хөтөлбөр биш гэсэн үг үү? 
-Тийм ээ. Хүүхдийн төлөвшлийн тухай ярихдаа бид хүүхдээсээ маш их зүйл шаарддаг. Гэтэл хүүхдийн анхны орчин нь гэр бүл, анхны үлгэр дуурайл нь насанд хүрэгчид байдаг. Хүүхдэд “Үнэнч бай” гэж хэлдэг атлаа томчууд өөрсдөө амлалтаа биелүүлдэггүй байж болохгүй. “Цахим хэрэглээгээ хязгаарла” гэж шаардахын зэрэгцээ эцэг эх нь утаснаасаа салдаггүй байж болохгүй. “Бусдыг хүндэл” гэж сургасан атлаа гэр бүлийн гишүүд бие биетэйгээ доромж үгээр харилцаж болохгүй. Тиймээс хүүхдийн төлөвшил хүүхдийг засах ажил биш. Насанд хүрэгчид өөрсдөө үлгэрлэх, гэр бүлийн харилцаагаа өөрчлөх, багш болон эцэг эх хамтран ажиллах үйл явц юм. Хүүхэд ямар хүн болж төлөвшихийг зөвхөн гэр бүлд даатгаад, дараа нь нийгэмд гарсан хойно нь хариуцлагатай иргэн байхыг шаардах нь учир дутагдалтай. Гэр бүл, боловсролын байгууллага, орон нутаг, төрийн бодлого хоорондоо уялдах ёстой. 

–Хүний төлөвшил, үнэт зүйлийн үр дүнг хэмжих боломжтой юу? 

-“Сайн хүн болгоно” гэдэг ерөнхий зорилго тавиад орхивол мэдээж хэмжихэд хэцүү. Харин ямар ойлголт, ямар дадал, ямар зан үйлийн өөрчлөлт хүлээж байгаагаа тодорхойлбол хэмжиж болно. Сургалтын өмнө оролцогчдын ойлголт, хэрэгцээ, тулгамдсан асуудлыг тодорхойлно. Сургалтын дараа юу ойлгосон, ямар дадлыг сонгосон, гэр бүлдээ юуг өөрчлөхөөр шийдсэнийг үнэлнэ. Тодорхой хугацааны дараа сонгосон дадлаа хэрэгжүүлсэн эсэх, ямар өөрчлөлт гарсан, юу саад болсныг дахин судална. Энд зөвхөн хэдэн хүн сургалтад суусныг тоолохгүй. Оролцогч юу ойлгов, ямар үйлдэл хийв, гэр бүл болон орчинд нь ямар өөрчлөлт гарав гэдгийг шатлан үнэлэх хэрэгтэй. Миний хувьд лекц уншаад зогсох бус, хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэмжиж, тэр мэдээлэлдээ үндэслэн аргачлалаа сайжруулах нь чухал. Үр дүн хэмжигдэхгүй бол бодлого болох үндэслэл нь сул байна. 

– Та “Монгол хүний эрдэм” хөтөлбөрийг хаана, ямар хүрээнд хэрэгжүүлж байна вэ?

-Баянгол дүүргийн багш, эцэг эхчүүдээс эхлээд Архангай, Говьсүмбэр, Өмнөговь аймгийн иргэд, малчид, эмэгтэйчүүд зэрэг олон бүлэгт сургалт зохион байгуулсан. Орон нутаг бүрийн амьдралын нөхцөл, хэрэгцээ өөр боловч нийтлэг нэг зүйл ажиглагддаг. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн зөв харилцахаа мэдэхийг хүсдэг. Багш нар хүүхдийн төлөвшилд гэр бүлийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх вэ гэж асуудаг. Залуучууд үндэсний үнэт зүйлээ орчин үеийн амьдралтай хэрхэн холбохоо сонирхдог. Насанд хүрэгчид ч өөрсдийн дотоод төлөвшил, харилцаа, хариуцлагыг эргэн харах хэрэгцээтэй байдаг.  Тиймээс цаашид 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт соён гэгээрүүлэх сургалтыг үе шаттай өргөжүүлэх, сургагч багш нарыг бэлтгэх, дадал хэвшлийн аргачлал нэвтрүүлэх, үр дүнгийн мэдээллийн сан бүрдүүлэх зорилготой. Ойрын хугацаанд Баянзүрх дүүрэгт эхлэх сургалтыг ч нэг удаагийн лекц бус, оролцогчдын хэрэгцээг тодорхойлох, сургалтын үр дүнг үнэлэх, тодорхой дадал сонгуулж хэрэгжүүлэх зарчмаар зохион байгуулахаар төлөвлөж байна. 

–Та судлаач, сургагч багшаас гадна Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг. Орон нутгийн төлөөллийн ажил энэ үзэл санаанд хэрхэн нөлөөлсөн бэ? 

-Орон нутгийн төлөөлөгчөөр ажиллахад төрийн бодлого иргэний өдөр тутмын амьдралд хаана хүрч, хаана тасалдаж байгаа нь илүү тод харагддаг. Иргэдийн тавьдаг асуудлын цаана зөвхөн дэд бүтэц, төсөв хөрөнгийн асуудал байдаггүй. Гэр бүлийн харилцаа, хүүхдийн аюулгүй байдал, боловсролын хүртээмж, үе тэнгийн дээрэлхэлт, цахим орчны эрсдэл, эцэг эхийн оролцоо, иргэний хариуцлага зэрэг хоорондоо холбоотой олон асуудал бий. Төр асуудал гарсны дараа зөвхөн үр дагавартай нь тэмцээд байж болохгүй. Урьдчилан сэргийлэх, хүний чадавхыг хөгжүүлэх, гэр бүлийг дэмжих бодлого хэрэгтэй. Энэ туршлага надад нэг зүйлийг улам тодорхой ойлгуулсан. Хүний хөгжлийн бодлого төв байгууллагын баримт бичигт үлдэх бус, хороо, сургууль, цэцэрлэг, өрх гэрийн түвшинд хэрэгжих аргачлалтай байх ёстой. 

–Хүмүүжилд төр оролцох ёстой гэж үү. Энэ нь гэр бүлийн хувийн орон зайд хэт оролцсон хэрэг болохгүй юу? 

-Төр хүүхдийг эцэг эхийн оронд хүмүүжүүлэх ёсгүй. Мөн айл бүрд амьдралын нэг загвар тулгах учиргүй. Харин гэр бүл үүргээ хэрэгжүүлэхэд нь мэдлэг, үйлчилгээ, хамгаалалт, боломж олгох ёстой. Эцэг эхийн боловсрол эзэмших боломж хүртээмжтэй байна уу? Хүүхдийн сэтгэл зүйн тусламж хүрэлцээтэй юу? Сургууль, гэр бүлийн хамтын ажиллагаа бодитой юу? Хүүхэд аюулгүй орчинд өсөж, хөгжих эрхээ эдэлж чадаж байна уу? Олон хүүхэдтэй, өрх толгойлсон болон онцгой хэрэгцээтэй хүүхэд өсгөж буй гэр бүлд зохих дэмжлэг хүрч байна уу? Эдгээр нь хувийн амьдралд халдах асуудал биш. Харин гэр бүлд ээлтэй төрийн бодлогын асуудал. Төр иргэний өмнөөс амьдрахгүй. Гэхдээ иргэн, гэр бүл зөв сонголт хийх боломжтой орчныг бүрдүүлэх үүрэгтэй. 

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ НЬ НЭГ БҮЛЭГТ ДАВУУ БАЙДАЛ ОЛГОХ БУС, НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ЧАДАВХЫГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙГАА ХЭРЭГ 

–Эмэгтэйчүүдийн манлайллын талаар докторын судалгаа хийсэн тань “Монгол хүний эрдэм”-тэй хэрхэн холбогддог вэ? 

-Эмэгтэйчүүдийн манлайллыг зөвхөн албан тушаалд хэдэн эмэгтэй байгаагаар хэмжиж болохгүй. Эмэгтэй хүн гэр бүл, боловсрол, эдийн засаг, орон нутгийн хөгжил, нийгмийн үнэт зүйлд асар их нөлөө үзүүлдэг. Гэхдээ эмэгтэйчүүдийг бүх ачааг үүрэх ёстой хүмүүс мэтээр ойлгож болохгүй. Гэр бүл, хүүхдийн хүмүүжил бол зөвхөн эх хүний үүрэг биш. Эцэг, эхийн тэгш оролцоо, гэр бүлийн гишүүдийн харилцан хүндлэл, асрахуйн хөдөлмөрийн бодит үнэлэмж чухал. Миний судалдаг эмэгтэйчүүдийн манлайлал болон “Монгол хүний эрдэм” хоёрын уулзвар нь хариуцлагатай, үнэ цэн бүтээдэг хүнийг төлөвшүүлэх асуудал юм. Эмэгтэйчүүдийг чадавхжуулах нь нэг бүлэгт давуу байдал олгох бус, гэр бүл, орон нутаг, нийгмийн хөгжлийн чадавхыг нэмэгдүүлж байгаа хэрэг. 

–Та олон чиглэлээр суралцаж, судалгаа хийсэн хүн. Энэ бүхэн нэг цэгт хэрхэн нийлдэг вэ?

-Гаднаас нь харахад хэл шинжлэл, эдийн засаг, эрх зүй, сэтгэл судлал, төрийн удирдлага, эмэгтэйчүүдийн манлайлал тусдаа чиглэл мэт харагдаж болно. Гэвч миний хувьд эдгээр нь нэг л асуудлыг өөр өөр талаас нь ойлгох оролдлого байсан. Хэл нь хүний сэтгэлгээ, үндэсний ижилслийг бүтээнэ. Сэтгэл судлал хүний дотоод хөгжил, зан үйлийг тайлбарлана. Эрх зүй нийгмийн харилцааны хэм хэмжээг тогтооно. Эдийн засаг боломж, нөөцийн хуваарилалтыг харуулна. Төрийн удирдлага энэ бүхнийг бодлого болгон хэрэгжүүлэх тогтолцоог авч үздэг. Энэ бүхний төвд хүн байна. Тиймээс миний олон жил суралцсан нь дипломын тоогоо нэмэх зорилго байгаагүй. Монгол хүний хөгжил гэдэг асуудлыг олон талаас нь ойлгож, бодлогын түвшинд ажиллах бэлтгэл байсан гэж хардаг. 

–Энэ хөтөлбөрөөс төрийн бодлогын ямар шийдэл гарч болох вэ? 

-“Монгол хүний эрдэм” үзэл санаанаас хэд хэдэн бодлогын чиглэл тодорно. Эцэг эхийн боловсролыг насан туршийн боловсролын тогтолцоонд оруулах, сургууль–гэр бүлийн хамтын ажиллагааг бодит аргачлалтай болгох, хүүхдийн хөгжих эрхийг хамгаалах, сэтгэл зүйн үйлчилгээг хүртээмжтэй болгох, эх хэл болон үндэсний үнэт зүйлийн боловсролыг орчин үеийн агуулгаар хөгжүүлэх шаардлагатай. Мөн бодлогын үр дүнг зөвхөн хэдэн удаагийн сургалт, арга хэмжээ зохион байгуулснаар бус, хүүхэд, гэр бүл, иргэний амьдралд ямар өөрчлөлт гаргаснаар нь үнэлдэг болох хэрэгтэй. Ингэж байж гэр бүлээс хүмүүжил, хүмүүжлээс боловсрол, боловсролоос хариуцлагатай иргэн, хариуцлагатай иргэнээс сайн төр бий болох холбоос бүрдэнэ. 

–Таныг хүмүүс ямар асуудал, ямар байр суурьтай холбон ойлгоосой гэж хүсдэг вэ? 

-Намайг олон мэргэжилтэй, олон ажил хийдэг хүн гэж харахаас илүү нэг асуудлыг тууштай барьж ажилладаг хүн гэж ойлгоосой гэж хүсдэг. Тэр нь монгол хүний хөгжил. Гэр бүлийн боловсрол, хүүхдийн төлөвшил, эмэгтэйчүүдийн манлайлал, эх хэл, үндэсний үнэт зүйл, ёс зүй, иргэний хариуцлага нь тус тусдаа салангид асуудал биш. Эдгээр нь монгол хүн ямар хүн болж төлөвших вэ гэсэн нэг том асуудлын бүрэлдэхүүн хэсэг. 


Миний зорилго бол үнэт зүйлийн тухай зөвхөн ярьдаг хүн байх бус, түүнийг хэрэгжих аргачлалтай хөтөлбөр, хэмжигдэх үр дүнтэй загвар, цаашлаад төрийн бодлогын шийдэл болгох явдал. 

–Цаашид үндэсний түвшний бодлого боловсруулах ажилд оролцох зорилго бий юү? 

-Бий. Гэхдээ үндэсний хэмжээний бодлого ярьж байгаа хүн эхлээд бодит амьдрал дээр ажилласан, иргэдийн хэрэгцээг сонссон, шийдлээ туршсан, үр дүнгээ хэмжсэн байх ёстой гэж боддог. Лекц уншдаг хүнээс хөтөлбөр хэрэгжүүлэгч, хөтөлбөр хэрэгжүүлэгчээс үр дүн хэмждэг судлаач, судлаачаас бодлогын загвар боловсруулагч болж өсөх ёстой. Тэгж байж үндэсний бодлого санаачлах ёс суртахууны болон мэргэжлийн эрх үүснэ. Албан тушаал зорилгын эхлэл байж болохгүй. Харин олон жил судалж, туршиж, хэрэгжүүлсэн шийдлээ илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэх хэрэгсэл байх ёстой. Би энэ бэлтгэлийг өнөөдөр хийж байна. 

–Ярилцлагын төгсгөлд таны хэтийн зорилгыг сонсъё. 

-Монгол хүний хөгжлийг төрийн бодлогын төвд авчрах л миний чин зорилго юм. Монгол Улсын ирээдүй зөвхөн газар нутгийн баялаг, уул уурхай, барилга байгууламжаар хэмжигдэхгүй. Монгол хүний оюун санаа, ёс зүй, мэдлэг чадвар, гэр бүлийн бат бөх байдал, эх орныхоо өмнө хүлээх хариуцлагаар хэмжигдэнэ. Хүнийг хөгжүүлэхгүйгээр улсын хөгжлийг тогтвортой авч явах боломжгүй. Тиймээс “Монгол хүний эрдэм” бол өнгөрснөө дурсах тухай яриа биш. Энэ бол ирээдүйн монгол хүнийг өнөөдрөөс бэлтгэх тухай бодлого юм. 

-Ярилцсанд баярлалаа. 

 

Б.Сэлэнгэ
"Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.