МОНГОЛ АРДЫН НАМЫН ТӨВ ХЭВЛЭЛ
Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон Сүхбаатарын одон 2
Нүүр Улс Төр Б.Батцэцэг: Монгол Улс, БНСУ-ын хоёр та...

Б.Батцэцэг: Монгол Улс, БНСУ-ын хоёр талын харилцааг шинэ шатанд гаргахад энэ удаагийн айлчлал нэн чухал

УИX-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.

Үнэн
Админ

УИX-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.   

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн “Дэлхийн адууны өдөр”-тэй болох санаачилгыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей өнгөрсөн онд хэлэлцэн баталсны хүрээнд энэ жилийн Улсын баяр наадмаар Хүй долоон худагт олон улсын түвшний арга хэмжээ зохион байгуулахаар болсон. Хүлэг морио хүндлэн дээдэлдэг адуун соёлтой ямар улс орнуудаас зочин, төлөөлөгч хүрэлцэн ирэхээ илэрхийлээд байна вэ? 

-Өнгөрсөн онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн гишүүдийн олонх нь Монгол Улсын санаачилгыг дэмжиж жил бүрийн долдугаар сарын 11 буюу Улсын баяр наадмын өдрийг "Дэлхийн адууны өдөр" болгож тэмдэглэх шийдвэрийг гаргасан. Адуу бол хүн төрөлхтний түүхийн салшгүй хэсэг. Өдгөө дэлхий даяар 57 сая орчим адуу бий гэx тооцоо бий. Тэр дундаа монголчуудын хувьд адуу бол төрийн сүлдэндээ залсан, эрхэмлэн дээдэлдэг амьтан. Монголчуудын нүүдлийн соёл иргэншлийг, монгол үндэстний түүхийг адуугүйгээр төсөөлөх аргагүй. 

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн "Дэлхийн адууны өдөр"-тэй болох санаачилга бол нэг талаасаа адууны соёлтой бүхий л улс үндэстнүүдийн хувьд чухал өдөр, нөгөө талаасаа монголчуудын адууны соёлыг дэлхий дахинаа таниулж буй хэлбэр. Тэр ч утгаараа энэ онд Хүй долоон худагт "Дэлхийн адууны өдөр"-т зориулсан олон улсын арга хэмжээ зохион байгуулж дэлхийн 55 орны 100 гаруй төлөөлөгч оролцоx гэж байна. Арга хэмжээнд тухайн улс орнуудын төрийн байгууллагууд болон морин спортын, морины өв соёлын холбоодын төлөөлөгчид оролцоно.

Адууны соёл  бидний мэддэгээр Төв Ази, Ойрх Дорнод, Зүүн Азид өргөн тархсан байдаг. Тиймээс тухайн бүс нутгийн орнуудын төлөөлөгчид оролцоно. Цаашлаад Европоос Турк, Герман, Өмнөд Америкаас Бразил, Венесуэл гэх мэт орнууд өнгөрсөн онд Монгол Улсын дэвшүүлсэн санаачилгыг нааштай хүлээж авсан. Монгол Улсад "Дэлхийн адууны өдөр"-ийг тэмдэглэх урилгыг ч таатай хүлээж аваад байна.

-Энэ жилийн хувьд манай улсын хариуцан зохион байгуулах томоохон хурлуудын нэг нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал. Энэхүү хурлын бэлтгэл ямар шатандаа үргэлжилж байна вэ?

-Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц бол 197 оролцогч талтай, нийтээр хүлээн зөвшөөрсөн конценц. Тиймээс тус конвенцын талуудын бага хурал бол хоёр жил тутам НҮБ-ын хүрээнд зохион байгуулагддаг томоохон арга хэмжээ. Монгол Улсын хувьд өмнө нь энэ хэмжээний олон улс оролцсон бага хурал зохион байгуулж байсан удаагүй. Тиймээс бэлтгэл ажлыг аль нэг байгууллага дангаар биш Үндэсний хорооны хэмжээнд зохион байгуулж хангах шаардлага тулгарч байгаа.  Одоогоор бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Миний хувьд тус бага хурлын даргаар сонгогдсон. Мэдээж энэхүү хурлыг зохион байгуулахад төрийн байгууллагуудаас гадна ард иргэд, аж ахуй нэгжүүд, төрийн бус байгууллагуудын оролцоо ч чухал байна. Төлөвлөгөөний дагуу наймдугаар сарын хоёрдугаар хагасын туршид Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал салбарын шинжээч, мэргэжилтнүүдийн уулзалт, зөвлөгөөн болон өндөр дээд түвшний уулзалт гэсэн хоёр үндсэн хэсэгтэйгээр зохион байгуулагдана. Өнөөдрийн байдлаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын явц 68 хувьтай үргэлжилж байна.

-Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогын үзэл баримтлалаар тэнцвэртэй харилцааг тууштай хэрэгжүүлж байгаагийн үр дүнд өндөр, дээд түвшний айлчлалууд нэмэгдсэнээр олон улсад байр сууриа бэхжүүлж байна. Энэ хүрээнд ирэх саруудад хүлээн авахаар бэлтгэл хангаж байгаа зочин, төлөөлөгч бий юү?

-Аливаа олон улсын томоохон арга хэмжээ, харилцан айлчлалыг талууд хэлэлцэн тохирсны дагуу товлон зарладаг жишиг олон улсын харилцаанд бий. Тиймээс одоогоор хүлээн авахаар төлөвлөж буй айлчлал, арга хэмжээнүүдийг нэг бүрчлэн олон нийтэд зарлах боломж хомс. Гэхдээ Монгол Улсын Засгийн газар, тэр дундаа ГХЯ-ны зүгээс Монгол Улсын аюулгүй байдал, эдийн засгийн өсөлт, хөгжлийг дэмжихүйц үр дүнтэй айлчлалуудыг хүлээн авахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Хамгийн ойрын хугацааны онцлоx айлчлал нь БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны гэргийн хамт Монгол Улсад хийх айлчлал. БНСУ бол Монгол Улсын стратегийн түнш, хамгийн олон Монгол Улсын иргэн оршин суудаг гадаад улс. Тиймээс хоёр талын харилцааг хөгжүүлэх, шинэ шатанд гаргахад энэ удаагийн айлчлал нэн чухал.

Таны дурдсанаар Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогоо тууштай баримталж, энэ хүрээндээ идэвхтэй гадаад харилцааг хэрэгжүүлж байгаа. Тэр дундаа цар тахлаас хойш Монгол Улсын хэрэгжүүлсэн өндөр, дээд түвшний гадаад айлчлалын давтамж түүхэнд байгаагүй хэмжээнд хүрч нэмэгдсэн. Хамгийн гол нь айлчлал арга хэмжээ хэрэгжүүлэхдээ үр дүнг чухалчлах, айлчлал хэрэгжүүлээд өнгөрдөг бус тухайн айлчлалаар дамжуулан хоёр талын харилцаа болон Монгол Улсын хөгжил цэцэглэлт, аюулгүй байдлыг дэмжих баримт бичгийг байгуулж, айлчлалын дараа ч хэрэгжилтийнх нь мөрөөр идэвхтэй ажиллах бодлого баримталж байна.

Мөн Монгол Улсыг чиглэн ирэх айлчлалуудаар дамжуулж улсаа олон улсад сурталчлах, түүгээрээ дамжуулж аялал жуулчлалыг дэмжих чиглэлд бодит үр дүн гарч байна. Монгол Үндэсний их баяр наадмаар дэлхийн нөлөө бүхий удирдагчид Монгол Улсад айлчилж, монгол наадмыг үзэж сонирхож байгаа нь үүний нэг хэсэг. Тухайлбал, 2024 онд Бутаны Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук хатны хамт, өнгөрсөн онд Японы Цог Жавхлант Эзэн хаан Нарүхито Эрхэм дээд Хатан Масакогийн хамт Монгол Улсад Үндэсний их баяр наадмын өдрүүдийг тохиолдуулан айлчилсан бол энэ онд БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэргийн хамт айлчилж байна.

Монгол Улсын гадаад харилцаа идэвхжихэд геополитикийн тодорхой хүчин зүйлүүд, олон улсын харилцаанд өрнөж буй системийн шинжтэй өөрчлөлтүүд нөлөөлсөн. Бидний хувьд энэ эгзэгтэй цаг үед гадаад бодлогын үндсэн зарчмаа баримтлах, тэр дундаа олон тулгуурт гадаад бодлогоо тууштай баримтлах шаардлага үүсэж байна. Энгийнээр тайлбарлавал, аливаа улсын гадаад бодлогын үндсэн зорилго бол улс үндэстэн, ард иргэдийнхээ аюулгүй, амгалан тайван байдлыг хангах. Олон улсын харилцаан дахь системийн шинжтэй өөрчлөлтөөс үүдэн олон улсын харилцаанд урьдчилан таамаглахад бэрх, тодорхойгүй байдал ажиглагдаж эхэлсэн тул бид дэлхийн олон оронтой харилцаагаа шинэ түвшинд гаргах замаар бидэнд учирч болох эрсдэлийг саармагжуулж байгаа юм. 

Гадаад харилцааны тухай хуулийн төслийг боловсруулж, хариуцлагын тогтолцоог нэвтрүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна 

-Гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлаа хангахын тулд юунд төвлөрөн анхаарч байна вэ?

-Өмнө нь хэлсэнчлэн гадаад харилцаа идэвхжиж, Монгол Улс олон оронтой шинээр стратегийн түншлэл, иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоож байгаагийн зэрэгцээ өмнө нь иж бүрэн стратегийн түншлэл, стратегийн түншлэл, иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосон орнуудтай харилцаагаа төрөлжүүлэх, өргөтгөх бодлого баримталж байна. Бусад улс оронтой тогтоосон харилцаа өргөжих тусам салбар хоорондын, орон нутаг хоорондын болон бусад түвшний уулзалтын давтамж нэмэгдэж байна. Энэхүү нөхцөл байдал нь гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангахад урьдынхаас илүү төвөгтэй болгож байгаа тал бий.

Гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах тухай ҮАБЗ-ийн зөвлөмж, түүнд үндэслэсэн Засгийн газрын тогтоол батлагдсан байдаг. Аливаа орон нутгийн удирдлага, улс төрийн албан тушаалтан болон төрийн байгууллагууд гадаад улс орны төлөөлөгчидтэй яриа хэлцэл хийх гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу ГХЯ-нд мэдээлэл өгч, санал, зөвлөмж, чиглэлийг нь авах ёстой. Гэвч нэгдмэл байдлыг хангах хариуцлагын тогтолцоо байхгүйгээс үүдэн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдалд эрсдэл учруулахуйц нөхцөл байдал цөөнгүй удаа үүсэж байсан. Тиймээс нэн түрүүнд Гадаад харилцааны тухай хуулийн төслийг боловсруулж энэ чиглэлд хариуцлагын тогтолцоог нэвтрүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна.

Олон улсын харилцааны нөхцөл байдал урьдчилан тааварлахад бэрх байгаа энэ үед Монгол Улсыг чиглэсэн сорилт ч нэмэгдэж байгаа тул улс төрийн албан тушаалтнууд, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагууд ч гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг дор бүрнээ харгалзаж ажиллах шаардлага үүсээд байна.

-Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учралын оролцсон “Зуны Давос” чуулганаар миний дараагийн асуулт үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаас онцлох нь Бүс нутгийн хамтын ажиллагааны өнөөгийн чиг хандлага, тулгамдаж буй асуудал, шинээр бий болж байгаа боломжийн хүрээнд өрнөсөн хэлэлцүүлэг байлаа. Монгол Улсын гадаад харилцааны хүрээнд тусах боломж нь юу харагдсан бол. Та мэдээллээсээ хуваалцана уу?

-Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн зургадугаар сард БНХАУ-ын Далянь хотноо зохион байгуулагдсан Дэлхийн эдийн засгийн форумын 17 дахь удаагийн “Шинэ манлайлагчдын уулзалт” буюу “Зуны Давос” чуулганд оролцсон. Энэ үеэрээ хэлэлцүүлэгт оролцож үг хэлэхдээ Монгол Улсад дата төв байгуулах боломжийг нээх эрх зүйн суурийг бүрдүүлж буйг танилцуулж, технологийн компаниудыг Монгол Улсад хөрөнгө оруулахыг урьсан. “Зуны Давос” чуулганд оролцсоноор дэлхийн улс төр, эдийн засгийн салбарын нөлөө бүхий удирдагчидтай уулзах, хэлхээ холбоо тогтоох, хөрөнгө оруулалтыг татах, Монгол Улсын Засгийн газрын бодлого үйл ажиллагааг олон улсад танилцуулах нөхцөл бүрддэг. Тэр ч утгаараа Ерөнхий сайд Н.Учрал Далянь хотод БНХАУ, БНСУ, Казаxстаны Ерөнхий сайд нартай уулзсан.  Тус чуулга уулзалтад дэлхийн нөлөө бүхий хөрөнгө оруулагчид ч чуулдаг бөгөөд Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Робин Зэнтэй уулзах үеэрээ Монгол Улсын эрчим хүчний шилжилт, батарей хураагуурын дэд бүтэц, засвар үйлчилгээ, дахин боловсруулалт болон нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцсон. Дээрх төсөл хэрэгжсэн тохиолдолд Монгол Улсын эрчим хүчний сүлжээний тогтвортой байдал өсөн нэмэгдэх, оргил ачааллыг зохицуулах, цаашлаад цахилгаан хөдөлгөөн, ногоон дата төв, хиймэл оюуны дэд бүтэц зэрэг ирээдүйн эдийн засгийн суурийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах боломжтой.

Мөн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагын Ерөнхийлөгч Алаис Цвинггитэй уулзаж инновац, ногоон хөгжил, ашигт малтмал, эрчим хүчний шилжилт, худалдааг хөнгөвчлөх, дижитал эдийн засгийн чиглэлээрх хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.

-Өөр нэг анхаарал татсан үйл явдал нь Монгол Улсын иргэн НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр сонгогдсон явдал байлаа. Гадаад орчинд энэ нь манай улсын дотоод ардчиллыг харуулсан болов уу?

-Монгол Улсын иргэн, хүний эрхийн асуудлаарх бие даасан шинжээч Д.Амарсанаа НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны  гишүүнээр 2027-2030 онд ажиллахаар сонгогдсон. Д.Амарсанаа нь Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Идэр агсны дараа Монгол Улсаас тус хороонд ажиллах хоёр дахь хүн болж байгаа юм.

Тус сонгуульд 12 суудлын төлөө манай улсаас гадна 20 улс нэрээ дэвшүүлэн өрсөлдсөнөөс манай нэр дэвшигч 136 санал авч сонгогдсон.

Энэ сонгуулийн үр дүн бол Монгол Улс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хүйсийн тэгш байдлыг хангах чиглэлээр олон улсын түвшинд тууштай ажиллаж ирсний нэгэн тод илэрхийлэл нь 40 гаруй жилийн дараа Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хороонд дахин сонгогдсон энэхүү үйл явдал юм.

Миний бие Д.Амарсанаад баяр хүргэж уулзах үеэр сонгуульд тив дэлхийн олон хүчтэй экспертүүдтэй өрсөлдөх явцад Гадаад харилцааны яам системээрээ сонгуулийн бэлтгэл ажлыг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж, бүх талаар дэмжиж ажилласанд талархаж байгаагаа илэрхийлсэн. 

Дэлхийн монголчуудын наадмыг зохион байгуулна 

-Хилийн чанад дахь Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах, аюулгүй байдлыг хангахад хэрхэн анхаарч, үйл ажиллагаандаа тусгаж байна вэ?

-Гадаад харилцааны яамны салшгүй нэг чиг үүрэг бол хилийн чанадад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах. Хилийн чанадад зорчих, оршин суух иргэдийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсээр байна. Холимог гэр бүлүүд ч нэмэгдсэн. Монголчууд олноор суурьшдаг бүсүүд ч шинээр бий болсон.

Бидний хувьд хилийн чанад дахь иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг илүү цогц байдлаар авч үзэж хилийн чанадад зорчиж буй иргэдэд холбогдох сэрэмжлүүлэг хүргэх, мэдээллээр хангахаас эхлээд монгол өв соёлоо тээх, хадгалахад нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Мэдээж урьд өмнө нь хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газрууд иргэдээсээ хол хөндий байдаг гэх шүүмжлэл нийгэмд байсан нь нууц биш. Үүнд нэг талаасаа хандлагын асуудал ч нөлөөлдөг, нөгөө талаасаа хүн хүч, орон тооны дутмаг байдал ч нөлөөлдөг байсан гэж үздэг.

Өдгөө бидний зүгээс нэн түрүүнд хилийн чанадад байгаа дипломат төлөөлөгчийн газар нь өөрөө иргэдтэйгээ тогтмол уулздаг, монгол өв соёлоо тээдэг, Монгол Улсын "хэлтэрхий" гэдгээ ойлгож ажилладаг байх бодлого баримталж байгаа юм. Иргэдийн зүгээс хилийн чанадад хэрэг, зөрчил гаргадаг байдал ажиглагддаг ч түүнээс нь сэрэмжлүүлэх, иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах нь бидний зорилго мөн.

Дээр нь хилийн чанад дахь монгол иргэдийн нийгэмлэг холбоодыг дэмжих, монгол хэл соёлоо мартахгүй байхад нь дэмжлэг үзүүлэхэд анхаарч байна. Энэ хүрээнд өнгөрсөн онд Бельгийн Брюссель хотод Дэлхийн монголчуудын анхдугаар наадмыг зохион байгуулсан. Энэ онд хоёр дахиа зохион байгуулахаар ажиллаж байна.

-Ярилцлагын төгсгөлд таны Элчин сайдаар ажиллаж байсан ахмадууд, Эмэгтэй дипломат клубийнхэн, Ахмадын хорооны төлөөлөлтэй хийсэн уулзалтыг онцлон асууя. Өнөөдрийн Монгол Улсын гадаад бодлогын суурийг тавьсан тэдгээр эрхмүүдтэй зөвлөлдөх, туршлагаас нь хуваалцах зүйл олон байсан нь лавтай. Цаашид үндэсний онцлогтой дипломат залгамж халааг үргэлжлүүлэх нэг хөшүүрэг нь болох дээрх уулзалтыг уламжлал болгон зохион байгуулах уу?

-Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн түүхийг сөхөн харахад дипломат албаны гүйцэтгэсэн үүрэг их. Энэ их үйлсэд хувь нэмрээ оруулсан ахмад дипломатууд, эх орноо төлөөлж хилийн чанадад ажиллаж байсан хүмүүсийн нөр их туршлага бидэнд одоо ч чухал.

Олон улсын харилцааны нөхцөл байдал өдгөө урьдчилан таамаглахад бэрх байгааг би ярилцлагадаа цөөнгүй дурдсан. Ийм нөхцөлд Монгол Улсын дипломат алба тогтвортой, шуурхай, чадварлаг байх шаардлага тулгарч байна. Монгол Улсын гадаад улс орнуудтай тогтоосон түншлэлийн харилцаа өнгөрсөн 30 жилд хэд дахин нэмэгдсэн байхад ГХЯ-ны орон тоо бараг нэмэгдээгүй хэвээр байгаа. Монгол Улсын дипломат алба үеийн үед цомхон бүрэлдэхүүнээр үр дүнтэй ажиллаж ирсэн нь Монгол Улсын дипломатуудын ур чадварыг илтгэнэ.

Тиймээс тэр их ур чадвар, туршлага мэдлэгийг хуримтлуулсан мэргэжлийн дипломатуудын санал зөвлөмж бидэнд одоо ч чухал гэж үздэг. Тэдний өмнө нь даван туулж байсан сорилтууд, магадгүй өдгөө хөндлөнгөөс бидний үйл ажиллагааг ажиглаад оюун дүгнэлт хийсэн санал, шүүмж нь өнөөгийн сорилтуудыг давахад хувь нэмэр болно гэж үзэж байгаа юм. Тиймээс энэ төрлийн уулзалтуудыг цаашид тогтмол хийнэ.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: "Монголын үнэн" сонины №026/24701/ дэх дугаар

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.